
Зээлжих зэрэглэлийн оноо нь таны санхүүгийн сахилга бат, зээлийн түүх, төлбөр төлөх зан төлөв, хаяг байршил, торгууль, худалдан авалтын зан төлөв зэрэг зээлийн мэдээллийн сангийн лавалгааны түүхэн өгөгдөлд суурилсан үнэлгээ бөгөөд зээлээ хэрхэн ашиглаж, төлдгийг тань оноогоор илэрхийлдэг.
Энэхүү оноо нь таны зээл төлөх чадамжийг 300-999 хүртэлх оноогоор илэрхийлэх ба Банк, ББСБ, зээлийн карт олгогч байгууллагууд таны шинэ зээл авах чадвар, нөхцөлийг тодорхойлоход ашигладаг. Тодруулбал:
900-999 (Бүрэн): Зээлээ хугацаанд нь төлж, эрсдүүлэхгүй байж чаддаг, өндөр орлоготой, сахилга баттай зээлдэгч.
770-899 (Онц): Зээлийн туршлага сайн, эргэн төлөлт тогтмол буюу хугацаанд нь зээлээ төлдөг зээлдэгч.
630-769 (Дундаж): Орлого тогтмол ч зээлийн туршлагагүй, аль эсвэл зээлийн туршлагатай ч зээлий эргэн төлөлт зарим үед тогтмол бус.
470-629 (Тааруухан): Өрийн хэмжээ орлогоо давсан, зээлийн муу түүхтэй эсвэл туршлагагүй.
300-469 (Муу): Орлого тогтворгүй, зээлийн муу түүхтэй.
Оноонд нөлөөлөх гол хүчин зүйлс:
1. Зээлийн мэдээлэл (35%) - Одоо байгаа зээлийн тоо; хаасан зээлийн тоо; хугацаа хэтрүүлсэн зээлийн тоо, хоног, ангилал, хугацаа зэрэг хүчин зүйлсийг үнэлдэг.
2. Өр орлогын харьцаа (30%) - Сар бүр төлдөг зээлийн тогтмол төлбөрийг нийт орлогод харьцуулсан хувь 60%-аас хэтрэхгүй байх нь эерэг нөлөөтэй.
3. Зээлийн хугацаа ба зээлийн түүх (15%) - Сарын дундаж орлогын хэмжээ ба ажил эрхлэлтийн байдал тогтвортой эсэхийг үнэлнэ.
4. Шинэ зээлийн хүсэлт, шалгалт (10%) - Ойрхон хугацаанд олон зээл хүссэн эсэх нь таны оноог бууруулах магадлалтай байдаг.
5. Зээлийн төрөл (10%) - Барьцаатай/барьцаагүй, урт/богино хугацааны зээл
Тэгвэл энэхүү оноо нь яагаад чухал вэ? гэвэл:
Оноо өндөр бол дараагийн зээлээ илүү таатай нөхцөлтэйгөөр түргэн шуурхай шийдүүлэн авах боломжтой.
Оноо бага бол зээл авахад илүү бэрхшээлтэй, эсвэл татгалзах эрсдэлтэй байдаг.
Иймд харилцагч та өөрийн зээлжих зэрэглэлийн оноог тооцохыг хүсвэл https://e-mongolia.mn/ эсвэл https://cib.burenscore.mn сайтад хандан тооцох боломжтой шүү.